Танд МИНИЙ СҮЛЖЭЭ ямар үйлчилгээтэй санагддаг вэ?
Сэтгэл хангалуун
Сайн үйлчилгээтэй
Тааруухан
Маш муу
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨЛВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2007 он Монхангай Группын хувьд үлэмж их өсөлт, тогтвортой хөгжлийг хангасан жил болж өнгөрлөө. Хамтын ажиллагаа өргөжин тэлж бид зөвхөн дотоод гадаадын төдийгүй олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 2007 оны сүүлээр Монхангай Групп Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Өнгөрсөн хугацаанд бид өмнөө тулгарсан сорилт бэрхшээлүүдийг амжилттай даван туулж, Монгол Улсын жижиглэн худалдааны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа нь манай удирдлагын багийн болон сүлжээ дэлгүүрүүдэд ажиллаж байгаа хамтрагчдын маань үйлчлүүлэгчдийнхээ төлөө гэсэн сэтгэл, нөр их хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн билээ. Тэртээ 1990-ээд оны эхээр хотын захад нэг жижиг дэлгүүр нээж үйл ажиллагаагаа эхэлж байсан МИНИИ дэлгүүр маань өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн том сүлжээ дэлгүүр болон өргөжиж, олон улсын стандартын түвшинд дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчиддээ үйлчилж байна.
Энэ жил бид зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л хэд хэдэн томоохон супермаркетуудыг нээж сүлжээгээ тэлсэн бөгөөд франчайзингийн эрх авсан салбар дэлгүүрүүд Монгол улсын маань дийлэнх нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаагаа явуулж байна.
Группийн цаашдын хөгжил
Ойрын жилүүдэд бид түгээлтийн сувгуудыг цаашид эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх, агуулахын шинэ системд шилжих, мэдээллийн технологийн салбарт гарч буй ололт амжилтуудыг бизнесийн процессыг төгөлдөржүүлэхэд өргөнөөр ашиглах замаар үйлчлүүлэгч төвтэй байгууллага болохоор зорьж ажиллаж байна.
Мэдээллийн технологи
Бид мэдлэгт суурилсан өнөөгийн эдийн засгийн орчинд амжилттай өрсөлдөн зах зээл дэх тэргүүлэх байр сууриа улам батжуулах үүднээс бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлж, бизнесийн процессийг хамгийн оновчтойгоор зохион байгуулан бодит цаг хугацаанд нь мэдээллээр хангагддаг системтэй байх нь юу юунаас илүү чухлаар тавигдаж байна.
Аливаа сүлжээг ялангуяа жижиглэн худалдааны сүлжээг мэдээллийн технологгүйгээр төсөөлөх аргагүй юм. Ийм ч учраас бид мэдээллийн технологийн хөгжилд онцгой анхаарлаа хандуулсаар ирсэн. Группийн хэмжээний бизнесийн нэгж бүр үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон програм хангамжаар хангагдсан байдаг бөгөөд шинээр байгуулагдсан мэдээллийн технологийн баг нь хөгжлийн дараачийн шатанд бидний баримтлах IT стратегийг хэрэгжүүлэх ажлыг манлайлан ажиллах юм.
Манай хамтрагчид
Монхангай групп-ийн удирдлага, ажилсаг хамтрагчдын уйгагүй хичээл зүтгэл, хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн үр дүнд бид өнөөдрийн байгаа байр сууринд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Бид хамтрагч нартаа ажиллахад нь таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг бөгөөд өрсөлдөх чадвараа байнга нэмэгдүүлэхийн тулд авьяаслаг, бүтээмж сайтай, өндөр ур чадвартай ажиллагсдаар эгнээгээ дүүргэх бодлогыг баримталж байна.
Манай худалдан авагчид
Бид хэрэглэгчдийнхээ хэрэглээний зан төлвийн өөрчлөлтийг анхааралтай судалж байдаг бөгөөд хэрэглэгчдийн хувьд шинэ, чанартай бараа бүтээгдэхүүнийг илүү сонгож байгаа нь манай хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлж байна. Манай бүх хамтрагчид худалдан авагчийн төлөө ажиллаж тэднийг дахин дахин МИНИИ сүлжээгээр үйлчлүүлж байхыг уриалдаг. Бид цаашид ч худалдан авагчдадаа тохилог ээлтэй орчинд дээд зэргийн чанартай, эрүүл бараа бүтээгдэхүүнийг доод үнээр үйлчлэх бодлогоо баримтлан ажиллах бөгөөд олон улсын жижиглэн худалдааны практикаас шинэ шинэ төрлүүдийг нэвтрүүлэх чиглэлд дээдээрээ ажиллах болно гэдгээ амлаж байна.
Та бүхний өмнө МИНИИ сүлжээний аль ч дэлгүүрийн хаалга үргэлж нээлттэй байх болно.
Та бүхэнд сайн сайхныг хүсье.
ТУЗ-ийн дарга С. Сэргэлэн